Монгол улсын Засгийн газрын “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 2023 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-наас Хомын талын БЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг “Хомын Талын Тахь” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, “Хомын Талын Тахь” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болдгив нар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний зорилго нь ТББ-ын түншлэлийг хөгжүүлэх замаар Хомын талын БЦГ-ын хамгааллын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ялангуяа дэлхийд нэн ховордсон тахь адууг сэргээн нутагшуулах, байгалийн бие даасан тогтвортой популяци бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэр орших Хомын талд 2004 оноос тахийг амжилттай сэргээн нутагшуулж нэн ховор, ховор амьдын тоо толгойг өсгөн байгалийн нөөц баялгийг хамгаалсны үр дүнд УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор Хомын тал орчмын 411,403.80 га талбайг “Байгалийн Цогцолборт Газар” (БЦГ) ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулсан билээ.
Байгаль хамгаалагчдын II чуулганы үеэр зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаа нь Хомын талын БЦГ-ын хамгаалалтын менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, цаашид ТХГН-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой юм.
© 2019 KTT - Хомын Талын Тахь ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн Дата-Артс ХХК