Эсгий урлалын сургалт

  • 2023-02-14

Манай байгууллагаас жил бүр зохион байгуулдаг эсгий бүтээгдэхүүн, гар урлалын сургалт 2 дугаар сард амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад зорилтод орон нутгийн нийт 20 хүн амжилттай оролцсон бөгөөд оролцогчдын тал хувь нь анх удаа энэ төрлийн сургалтад хамрагдсан. Манай зорилтот орон нутгийн малчин иргэдийн хувьд уламжлалт мал аж ахуйгаас гадна өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд эсгий бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд бид сургалт зохион байгуулах үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг Франц улс руу экспортлох ажилд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Энэ удаагийн сургалтын онцлог нь өрхийн санхүү, өрхийн соёл ба эрүүл ахуй, бүтээгдэхүүний борлуулалтын суваг, сав баглаа боодол, жендерийн тухай ойлголт гэх зэрэг сэдвүүдээр танхимын сургалтуудыг хослуулан явуулсан нь оролцогчдын сэтгэлд их нийцсэн байлаа.  Анхан шатны сургалтад оролцогч Завхан гол багийн иргэн С.Мөнхцэцэг: “Анх удаа сургалтад хамрагдаж байна. Зохион байгуулж байгаа хүмүүс нь их найрсаг, нэгдмэл санагдлаа. Хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд маш том оюуны хөрөнгө оруулалт боллоо, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад нэг алхам дөхсөн байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сургалтын үеэр бид Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хандивласан ноос сэмлэгч машиныг дөрвөн нөхөрлөлийн гишүүдэд хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах өрхүүд хамтдаа хуваалцан ашиглах юм.

Сургалтыг бидэнтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан Говь-Алтай аймгийн “Артис-Aлтай” хоршооны чадварлаг хамт олондоо болон сургалтыг санхүүжүүлсэн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.