Байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөнд малчдын саналыг тусгах нь

  • 2020-09-23

Шинэхэн байгуулагдсан Хомын Тал БЦГ нь эдүгээ 100 гаруй бодгаль болтлоо өссөн сэргээн нутагшуулсан тахийн сүргээ идээшлэн амьдрах нутгийн хамт хадгалан хамгаалах үйл ажиллагаагаа өргөжүүлэн ахиулах алхмуудыг хийсээр байгаа билээ. Монгол Улсын төрийн өмнөөс ТХГН-ийн захиргааны үүргийг биелүүлэх хангалттай чадавхитай буйгаа харуулах гол шалгуур нь Байгалийн цогцолборт газрын Менежментын төлөвлөгөө боловсруулах явдал юм.

“Өвөлжилт хүндэрвэл БЦГ-ын Захиргаа хашсан талбайд мал оруулахыг зөвшөөрөх үү?” гэсэн асуултыг олон малчид тавьж байсан нь тэдний санаа зовнилыг илтгэж байв. БЦГ-ын Менежментын төлөвлөгөөний эхний хувилбарыг нутгийн малчдын оролцоотой хэлэлцэх анхны олон нийтийн хэлэлцүүлэг 2020 оны 8 дугаар сарын 5ны өдөр болов.  Хэлэлцүүлэгт хөрш зэргэлдээх Хар Ус Нуурын БЦГ, Их Монголын Элс БЦГ-ын Захиргааны төлөөлөгчид, сум аймгийн байгаль орчны байцаагчид, орон нутгийн захиргааны ажиллагсад, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд, нутгийн малчид зэрэг 40 гаруй хүн тахь нутагшуулж буй Сээрийн нуруунаас 90км алслагдсан Хомын станц гэгдэх газарт шинээр байгуулагдсан БЦГ-ын талаарх сүүлийн мэдээ, мэдээлэл авч, санал бодлоо илэрхийлэх гэж цугларчээ.

Тахь адууг анх энд авчирснаас хойш Хомын Талын Тахь ТББ-ын гишүүд малчидтай олон удаа уулзаж, Хомын талд байгальд устаж алга болсон тахийг ямар учир шалтгааны улмаас авчирч нутагшуулах болсон, ингэснээр малчид нутгийн иргэдэд ямар ашиг тустай болох тухай тайлбарлан учирлаж ирсэн билээ.

Монгол Улсын Их Хурал Хомын талыг тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн тул БЦГ-ын хил хязгаарыг тогтоосон, мөн улсын тусгай хамгаалалтай газар нутгийн гурван ангиллын нэг болох БЦГ-ын зорилго, үйл ажиллагааны талаар малчид, нутгийн оршин суугчдад танилцуулав.

Улсын ТХГН-ийн хуулийн дагуу зайлшгүй хэрэгжүүлэх хязгаарлалтын хэмжээ зэрэглэлийг БЦГ-ын дотоод бүсчлэлээр тогтоодог. ХТТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Чимэд-Очир, байгаль орчны ахмад мэргэжилтэн Ж.Чимэг нарын оролцоотой боловсруулсан БЦГ-ын Менежментын төлөвлөгөөнд онцгой бүс, хязгаарлалтын бүс болон аялал жуулчлалын бүсийн хил хязгаарыг тогтоох эхний хувилбарыг тусгасан бөгөөд нутгийн иргэдэд танилцуулж хэлэлцүүлэн саналаа солилцов. Зэрлэг амьтдын тайван байдлыг алдагдуулахгүй, нийт экосистемийг хадгалан хамгаалахын тулд бүс тус бүрт үйл ажиллагааны тодорхой төрлүүдийг хязгаарлаж, хориглодог журамтай. Хомын талын зэргэлдээ үйл ажиллагаагаа олон жилийн турш явуулж буй  Хар Ус Нуурын БЦГ, Их Монголын Элс БЦГ-ын Захиргааны төлөөлөгчид чиглүүлж зааварчилсны дагуу малчид зэрлэг амьтны жим, нүүдлийн зам малчид болон малын сүрэгтэй хаана огтлолцож, зөрчилддөг эсэх тухай ярилцлаа. Мөн улсын тусгай хамгаалалтанд авснаар нийт нутгийг бүс бүсээр хашаагаар тусгаарлаж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ хэмээх цуу яриаг ч буруу болохыг нотолцгоов.

Ийнхүү БЦГ-ын бүсчлэлийн эхний хувилбарыг хэлэлцэж, малчдын санал бодлыг тусгасан хил хязгаарын анхны зураглал гаргаж, БЦГ-ын Менежментыг нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх анхны алхам хийгдэв. Хэдийгээр тус нутагт ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг цуцлах эсэх, өвөлжөө хаваржааг бүсээс гаргах эсэх гэх мэт малчид иргэдтэй хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байгаа боловч ХТТ ТББ нь БЦГ-ын Захиргааны үүргийг нэр хүндтэй биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.