Хомын Тал Байгалийн цогцолборт газар боллоо

  • 2020-07-27

2020 оны 5 дугаар сарын 7-ы өдөр Монгол Улсын Их Хурал улсын хэмжээнд есөн газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргалаа. Эдгээр есөн газрын тоонд Монгол Улсад тахийг 2004 оноос хойш амжилттай сэргээн нутагшуулж байгаа Завхан аймгийн нутагт орших Хомын тал багтсан байна. Хомын тал нь байгалийн өвөрмөц олон янз байдлыг цогцлоосон, РАМСАР-ын конвенцид бүртгэсэн нүүдлийн шувуудын хэд хэдэн чухал тархац нутаг бүхий газар юм. БОАЖЯ-ны ТХГН-ийн хэлтэс Хомын талд 15 жилийн турш амжилттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үндэслэн, улсын тусгай хамгаалалтанд авахад онцгойлон анхаарч, хамгаалалтанд ороход чухал үүрэг гүйцэтгэсэн. БОАЖЯ-ы хүчин чармайлтыг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-оос үнэлж доорх талархлын захидлыг илгээжээ.

Хомын талыг ДБХС-ийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, Францын Тахь Хамгаалах Холбоо, МУ-ын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтран боловсруулсан дараах чухал үндэслэлүүдэд тулгуурлан байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан юм.

  1. Хомын тал нь газарзүйн байршлын хувьд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах томоохон нуур голууд, элсэн манхнаар хүрээлэгдсэн байгалийн арал бөгөөд энд цөлөрхөг хээрийн экосистем зонхилж олон зүйл туруутан амьтдын шилжин нүүх коридор нутаг болдгоороо  онцлогтой. Энэ бүс нутагт Олон улсын байгаль хамгаалах холбоо (ОУБХХ буюу IUCN)–оос гаргасан дэлхийд ховордсон амьтдын жагсаалтад багтаад байгаа  (Red list, 1994) Монгол оронд бүртгэлтэй 69 зүйл амьтнаас 31 нь амьдардаг бөгөөд үүнд дэлхийд нэн ховорт тооцогддог тахь, цоохор ирвэс, янгир, хар сүүлт зээр, бөхөн, зэгсний гахай зэрэг амьтад багтаж байгаа юм. Энэ нь биологийн олон янз байдлын хувьд үнэ цэнэтэй нутаг болохыг харуулахын зэрэгцээ хамгаалах нэн шаардлагатайг тодорхойлж байгаа юм.
  2. 2017 онд БОАЖЯ, Дэ нэйче консерванси (TNC) байгууллагын хамтран гүйцэтгэсэн экологийн бүс нутгийн үнэлгээгээр Хомын тал нь хамгаалах шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдол бүхий газар нутгийн нэг хэмээн тодорхойлогдсон байдаг.
  3. Хомын тал нь Монгол оронд тахийг амжилттай сэргээн нутагшуулж буй гурав дахь газар юм. Тахь нутагшуулах хөтөлбөрийг Францын Тахь Хамгаалах Холбооноос Швейцарийн МАVА сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж 2004, 2005 онд нийт 22 тахь тээвэрлэн ирсэн. 2011 онд БНЧУ-ын Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэгээр дөрвөн тахь нэмж авчирсан.
  • Байгальд нэгэнт устсан, дэлхийд нэн ховорт тооцогдох энэ амьтныг өсгөж үржүүлэх, амьдрах орчныг аюулгүй байлгах, хүн, малын сөрөг нөлөөллөөс хамгаалах нь онцгой чухал бөгөөд тулгамдсан асуудал юм. ОУБХХ (IUCN)-ны зөвлөснөөр тахийг амжилттай сэргээн нутагшуулж, байгальд бие даан тогтвортой амьдрах чадвартай болгохын тулд дэд популяциудийг 5-аас доошгүй газарзүйн байршилд дэд популяцуудыг нутагшуулах шаардлагатай. Энэ газар нутгийг тусгай хамгаалалтанд авснаар Монгол Улс байгаль хамгаалах чиглэлээр олон улсын түвшинд нэр хүндээ өсгөх, олон улсын холбогдох гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх болно. 
  • Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA дугаар: MN016, MN017) жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог.

Түүнчлэн Хомын талтай зэрэгцээ орших Хар болон Дөргөн нуурууд нь Олон улсын Ус Намгархаг Газруудын (RAMSAR site №976) жагсаалтанд 1999 онд бүртгэгдсэн байдаг нь Хомын талыг байгалийн чухал бүс болохын нэг жишээ юм.

  • Түүнчлэн Газарзүйн байршлын онцлог, тэнд байгаа ховор ба нэн ховор амьтад, ялангуяа сэргээн нутагшуулж буй тахийг ашиглан судалгаа шинжилгээний чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад дотоодын хамтрагч талуудын оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бүрэн бололцоотой бөгөөд ингэснээр байгаль хамгаалах ажлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх боломжтой юм.

Монгол орон дахь байгалийн зэрлэг чацарганы томоохон ойг хамгаалж, орон нутгийн төсөв, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтойгоос гадна ашигт малтмалын олборлолтоос хамгаалах шаардлагатай газар нутаг учраас улсын тусгай хамгаалалтад авах нэн чухал ач холбогдолтой юм.

БЦГ нь ОУБХХ-ны 2 дугаар зэрэглэлийн хамгаалалттай дүйцэх бөгөөд байгалийн унаган төрхөө хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар юм. Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан гурван бүсэд хуваах бөгөөд тус бүртээ хамгаалалтын дэглэм байдаг байна.

1) Онцгой бүс – Онцгой бүсд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авна

2) Аялал, жуулчлалын бүс – Аялал, жуулчлал, загасчлал болон дээрх онцгой бүсд явуулах үйл ажиллагааг явуулж болно

3) Хязгаарлалтын бүс – Онцгой болон аялал жуулчлалын бүсд явуулах үйл ажиллагаанаас гадна уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, зохих зөвшөөрлийг БЦГ-ын захиргаанаас авсны үндсэн дээр барилга байгууламж барьж болно

Хомын талын БЦГ-ын нийт талбай:  411,403.80 га, Хар Ус Нуурын БЦГ, Монгол Элс БЦГ-тай хиллэж байна. ХТТ ТББ-ын хувьд 15 жилийн турш хийсэн ажлыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах шалгуур, мөрдөгдөх дүрэм журамд нийцүүлэх гэх мэт ойрын ирээдүйд хийх ажил их байгаа билээ. Жишээ нь, холбогдох хуульд заасны дагуу байгаль хамгаалагчдын тоо, үүрэг хариуцлага, ажлын даалгавар зэргийг эргүүлэн нягтлах шаардлага тулгарч байна. Мөн бүсчлэлийн хил хязгаарыг тогтоох, шинээр байгуулсан БЦГ-ын Захиргааны үүргийг хэрэгжүүлэх байгуллагын хувьд БЦГ-ын Менежментын төлөвлөгөө боловсруулах, газар дээр нь Хамгаалалтын захиргааны нэгж байгуулах зэрэг ажил хийгдэнэ. Эцэст нь, нутгийн иргэд малчидтай хамтран байгаль, зэрлэг амьтдыг хамгаалахын тулд бүсчлэлийн талаар мэдээ мэдээлэл өгөх, бүс тус бүрийн онцлогийг таниулах, нийт экосистемийг хамгаалахад оролцоо идэвхийг нь тогтмол хөхүүлэн дэмжих шаардлагатай байна.