Францад “Хомын Тал” нэртэй шинэ брэнд гарлаа

  • 2019-03-26

Францын Иль сюр ла Сорг-оос гаралтай Бран дэ Вьян-Тиран нь 8дахь үедээ ноос ноолуураар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 200 гаруй жилийн түүхтэй үйлдвэрлэгч юм. Тэмээ, алпака гөрөөс, лам гөрөөс зэрэг амьтны ховор нандин ноос ноолуурыг дэлхийн өнцөг булангаас хайж, худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн болгодог уламжлалтай. Эдүгээ Бран дэ Вьян-Тиран компанийг аав хүү хоёр Пьер, Жан-Луи Бран нар удирдаж байна. Компани нь үйлдвэрлэсэн ноолуур, бүтээлэг, хувцас зэрэг бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй улс оронд экспортлон худалдаалдаг.

Бран дэ Вьян-Тиран Хомын талын тогтвортой хөгжлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэмээтэй айл өрхүүдээс торомны ноос худалдан авах ажлыг Францын Тахь Хамгаалах Холбоотой хамтран хийж байна. Торомны ноосны ширхэгний чанарыг бууруулахгүй байлгахад онцгойлон анхаарч тогтмол судалгаа шинжилгээ явуулдаг ажээ. Хомын талын торомны ноос нь уг компаний ашигладаг хамгийн нарийн ширхэгтэй ноосны төрөлд багтдаг бөгөөд “Хомын тал” хэмээх цоо шинэ брэндын бүтээгдэхүүн үйлдвэрлэж Европын зах зээлд нийлүүлжээ.