Байгаль хамгаалах нөхөрлөлүүд ээлжит сургалтанд хамрагдав

  • 2020-12-21

Хомын Талын Тахь ТББ-аас байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежмент болон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд 2018 онд  Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багийн малчин өрхүүдийн дунд 4 нөхөрлөл байгуулагдаж байсан. Манай ТББ-аас эдгээр нөхөрлөлүүдийн дунд засаглалыг бэхжүүлэх сургалтыг 2019 онд явуулж байсан бол энэ жил нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Хүн Төвтэй Байгаль Хамгаалал” ТББ-ын багш Я.Нарангэрэл удирдан явуулсан бөгөөд сургалтыг нөхөрлөл тус бүрээр хэсэгчлэн зохион байгуулав. Энэ удаагийн сургалтад 4 нөхөрлөлийн 49 гишүүнээс 40 гишүүн оролцсон нь нөхөрлөлийн идэвхи оролцоо өмнөх жилүүдийнхээс сайжирсан байна. Гишүүд өнгөрсөн онд нөхөрлөлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулан дүгнэхээс гадна менежментийн төлөвлөгөө, ирэх жилийн ажлын төлөвлөгөө боловсруулав.  

Өнгөрсөн жилийн хугацаанд нөхөрлөлүүд байгалиа хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах олон ажил хийжээ. Тухайлбал: Давс олборлодог газрын орчныг цэвэрлэсэн, Улаанбураа дахь хариуцсан талбайгаас чацаргана түүж үйлдвэрт нийлүүлсэн, чацарганы шугуйд цэвэрлэгээ сийрэгжүүлэлт хийсэн байна. Нөхөрлөлүүдэд хариуцсан талбайгаас хураасан чацарганаа “Хомын Талын Чацаргана” ХХК-д шууд нийлүүлэх боломж бүрдүүлж өгснөөр талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч байна. Цаашид ХТТ ТББ нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр нөхөрлөлүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буй бөгөөд нөхөрлөлүүд ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн нөхөрлөлүүдийг чадавхижуулах олон чиглэлт сургалтыг тасралтгүй явуулахын зэрэгцээ дотооддоо нөхөрлөлийн сайн туршлагыг судлуулах, танилцах аялал зохион байгуулах, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг нутгийн удирдлагатай холбож хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох гэх мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.