Орон нутгийн тогтвортой хөгжил

Дөрвөлжин сумын Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө

Дөрвөлжин сум нь ХТТ ТББ-ын санхүүжилтээр 2017-2025 онд хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө"-өө боловсруулсан. Ийнхүү уг сум нь  Завхан аймгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон анхны сум болсон бөгөөд төлөвлөгөөг  хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг тус ТББ-аас үзүүлж байна. ТХТ нь эдийн засаг, нийгмийн хөгжил болон байгаль орчны тогтвортой хөгжил гэсэн үндсэн 3 тэргүүлэх чиглэлтэй.

Нөхөрлөлийн засаглалыг бэхжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах нь

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежмент болон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багийн малчин өрхүүдийн дунд зэрлэг чацарганы ойг хамгаалах 4 нөхөрлөл байгууллаа. Нөхөрлөлийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор ХТТ ТББ-аас ойн менежмент, нөхөрлөлийн засаглал, өрхийн аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, нөхөрлөлийн гишүүдийг хамруулж чадавхижуулж байна. Эдгээр нөхөрлөлүүд нь Завхан голын дагуу ургах зэрлэг чацарганы ойг хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, байгалийн нөөцийн ашиглалтанд хяналт тавьдаг. ХТТ ТББ суманд чацарганы бүтээгдхүүн боловсруулах үйлдвэр байгуулж өгснөөр нөхөрлөлүүд хариуцсан талбайгаас хураасан чацарганаа тус үйлдвэрт шууд нийлүүлэх боломж бүрдэж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирсан байна.

Өрхийн амьжиргааг сайжруулах санаачлага биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэж байна

Зэрлэг чацарганаас нутгийн иргэдийн хүртэх өгөөж

ХТТ ТББ нь уламжлалт мал аж ахуйгаас гадна өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр бий болгох зорилгоор чацаргана боловсруулах үйлдвэрийг  2018 онд Дөрвөлжин суманд байгуулсан. Тус "Хомын Талын Чацаргана" ХХК нь үйл ажиллагаагаа эхэлж, орон нутгийн зах зээлд чацарганы жүүс, цэвэр тос зэрэг бүтээгдхүүнээ борлуулж эхэлсэн. Нөхөрлөлүүд болон нутгийн иргэд Завхан голын дагуух зэрлэг чацарганы шугуйг хамгаалж, хураасан жимсээ үйлдвэрт нийлүүлж, орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулан өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлж байна.

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байна

Тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдэд гар урлал хийх, газар тариалан эрхлэх сургалтуудыг зохион байгуулж чадавхижуулсан. Тухайлбал Хомын талын эмэгтэйчүүдэд эсгий бүтээгдхүүн урлах сургалтыг 2011 онд зохион байгуулжээ. Эмэгтэйчүүд сургалтанд хамрагдснаас хойш жил бүр ФТХХ-ы захиалгаар 22 хүртэлх нэр төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэж, экспортолж байна. ХТТ ТББ нь иргэдийн оролцоог хангаж, бүтээгдхүүний чанар, шаардлагыг мөрдүүлж, экспортын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

"Хомын тал" брэнд Европт

ФТХХ, ХТТ ТББ болон “Бран де Вьян Тиран” Францын нэрт ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хооронд гурван талт гэрээ байгуулагдснаар 2017 оноос эхлэн Хомын талын торомны ноосыг Франц руу экспортлож эхэлжээ. Бран де Вьян Тиран компани нь “Хомын тал“ хэмээх брэнд гаргасан бөгөөд уг брэндийн торомны ноосон бүтээлэг, алчуур зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулж, Франц болон Европын бусад орны зах зээлд өндөр үнэлгээ авчээ.  

Нутгийн иргэдийн байгаль орчны мэдлэг, мэдээлэл, боловсролыг дээшлүүлэх нь

Хүүхдийн зуны сургалт

Хомын талын хүүхдүүдийн хүсэн хүлээдэг нэг арга хэмжээ бол ХТТ-аас зохион байгуулдаг хүүхдийн зуны сургалт юм. Энэ арга хэмжээнд Хомын талын сурагчид, Эко клубын гишүүд оролцдог. Зуны сургалтын үеэр хүүхдүүд зэрлэг байгалийн тухай хөгжилтэй, сонирхолтой хичээлд танхимын болон тоглоомын аргаар хамрагддаг. Уг сургалтыг явуулснаар байгальд ээлтэй ирээдүйн нутгийн иргэдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна. 

Малчдын форум

ХТТ ТББ-аас Хомын талын малчдын форум, хэлэлцүүлгийг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэхүү форум нь малчдад байгаль орчныг хамгаалах ажилд оролцох, байгалийн нөөц ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад дуу хоолойгоо хүргэх, байр сууриа илэрхийлэх, ярилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг олгож байна.

Явуулын номын сан

ХТТ-ийн санаачлагаар 2018 оноос эхлэн явуулын номын сан ажиллаж эхэлсэн. Айл өрхүүдэд ном уншиж, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт явуулын 10 хайрцаг эмхэтгэж, айлуудад хүргэсэн. Уг хайрцагт эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт байгаль хамгаалал, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэлт, уран зохиол зэрэг сэдвээр хэрэгцээтэй номуудыг малчдын саналаар багтаасан.

Бидний ажилтай танилцана уу

Тахь сэргээн нутагшуулалт
Байгаль хамгаалал
Судалгааны хөтөлбөр
Хомын талын БЦГ-ын менежмент
Үр дүн