Тахь бол Адууны овогт хамаарах нэн ховор зүйл юм. Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын болон бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгджээ.
Пржевальскийн адуу буюу тахийг Монгол оронд сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн. Одоогоор Хустайн БЦГ, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг болон Хомын талын БЦГ гэсэн гурван газарт тахь нутагшуулж байна. Нийт тахийн тоо Монгол орны хэмжээнд 800 гаруй болоод байгаа ч энэ нь байгальд бие даан оршин амьдрахад хангалттай тоо биш юм.
Хомын талд тахь сэргээн нутагшуулах эхний үе шат буюу дасан зохицох хугацаанд тахийг байлгах зорилгоор Сээрийн нуруу орчмын 14000 га талбай бүхий газар нутгийг 2003 онд хашаалсан. Тахиуд хахир хүйтэн өвлийг давахад уг Сээрийн нурууны бэсрэг уулс нь хамгаалалт болж өгдөг.
Тахь сэргээн нутагшуулах ажил нь тахийг тээвэрлэж авчраад, байгальд сулласнаар дуусах ажил биш юм. Тахиудыг байнгын ажиглаж, мониторинг судалгаа хийж, түүний үр дүнд үндэслэсэн менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байдаг. Тахиудын бүртгэл, ажиглалтыг тахь ирсэн өдрөөс хойш өдөр бүр тасралтгүйгээр хийж гүйцэтгэж байна. Байгаль хамгаалагчид сүргийн бүтэц, үржлийн экологи, эрүүл мэнд, амьдрах орчны ашиглалт, улирлын шилжилт хөдөлгөөн зэргийг судлахаас гадна сүргийн дотоод харилцаа, зан төрхийн 29 төрлийн үйлдлийг тэмдэглэн мэдээлэл цуглуулж, сан үүсгэдэг. Мөн тахь сэргээн нутагшуулж буй хашааны бүрэн бүтэн байдлыг хангах, эргүүл хяналт хийх, мал оруулахгүй байлгах зэрэг ажлуудыг өдөр бүр хийж байна. Эдгээр цуглуулсан мэдээнд тулгуурлан боловсруулалт, дүн шинжилгээ хийж, цаашдын ажилд ач холбогдол бүхий хамгааллын менежментийг боловсруулдаг.
Аливаа амьтныг сэргээн нутагшуулахад тулгамдах асуудал цөөнгүй. Тахийн хувьд тулгарч буй үндсэн 3 бэрхшээл бий.
Нэгдүгээрт усны асуудал хамгийн чухлаар тавигддаг. Тахиуд намар, хавар, зуны улиралд Завхан голоос ундаалж, өвлийн улиралд Завхан гол бүрэн хөлдснөөр цасаар усны хэрэгцээгээ хангадаг. Тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран цас бага унах, цас орохгүй оройтох зэрэг тохиолдолд тахиуд усны хомсдолд орох эрсдэл үүсч байна.
Хоёрдугаарт тахь гэрийн адуутай эрлийзжих эрсдэл үүсч болзошгүй. Тахь нь гэрийн адуутай ойр зүйл учир хоорондоо үржилд орох боломжтой байдаг.
Гуравдугаарт тахинд малаас өвчин дамжих эрсдэл бий. Сээрийн тахь сэргээн нутагшуулж буй хашаанд гэрийн адуу орж ирэх тохиолдлууд гардаг. Энэ нь одоогоор том асуудал үүсгэхгүй байгаа хэдий ч ирээдүйд өвчин дамжих, эсвэл эрлийзжих эрсдлийг үүсгэх магадлалтай юм.
Хамгааллын менежментийн үр дүнд тахийн тоо толгой 2020 онд 100 гаруйд хүрлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн сүргийг цаашид хашаанаас суллах, Хомын талд бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ирээдүйн тархац нутгийг хамгаалахад чиглэлээр бид ажиллаж байна.
© 2019 KTT - Хомын Талын Тахь ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн Дата-Артс ХХК