Түүхэн замнал

1993 онд Францын иргэн Клаудиа Фэ өөрийн багийн хамт тахь сэргээн нутагшуулах зорилгоор Европын амьтны хүрээлэнгүүдээс Францын өмнөд нутаг дахь Севенний Байгалийн цогцолборт газрын Ле Вилларет хэмээх газарт 11 тахийг авч иржээ. Эдгээр тахь нь энэхүү уулархаг газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицож чадсан бөгөөд 2004, 2005 онд нийт 22 тахийг Монгол Улс руу тээвэрлэн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд авч иржээ.

1999 - 2003

Тахь нь адууны овгийн долоон зүйлийн нэг бөгөөд байгаль дээр хамгийн сүүлд 1969 онд үзэгджээ. Ийнхүү тахийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан данс (Red list)-д “байгальд бүрмөсөн устсан” ангилалд бүртгэсэн байдаг. 1980-аад оны эхээр Монгол Улсад тахь сэргээн нутагшуулахад тохиромжтой газар нутгийг сонгох, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Тахь сэргээн нутагшуулах Үндэсний комисс байгуулагдав. 1999-2000 онуудад Францын Тахь Хамгаалах холбоо (ФТХХ), Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF), Монгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны багийн дүгнэлтэнд тулгуурлан Хомын талыг Монголд тахь нутагшуулах гуравдахь газар хэмээн сонгосон. 2001 оны хавар ФТХХ болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.  Уг гэрээний дагуу, Хомын талын Сээрийн нуруу орчмын 25000 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, тахь сэргээн нутагшуулах зорилгоор 30 жилийн турш бэлчээр ашиглах тусгай эрх олгожээ.     

2004 - 2005

Анхны тээвэрлэлтийг 2004 онд хийж, Франц улсын Ле Вилларет-ээс 12 тахийг Хомын талд авч ирсэн. Тахиуд 36 цагийг модон хайрцаганд өнгөрүүлж алсын зам туулжээ. Эхлээд Ле Вилларет-ээс Ним хотын онгоцны буудал хүртэл ачааны машинаар, Ним хотоос Ховд хот хүртэл ИЛ76 онгоцоор,  Ховдоос Хомын талруу АН26 агаарын хүлгээр зөөвөрлөгдөн хээр талд тусгайлан бэлдсэн зурвас дээр буусан юм.

2005 онд Ле Вилларет-ээс дахин 10 тахийг тээвэрлэж авч иржээ. Эдгээр 22 тахиуд (9 эр, 13 эм бодгаль) нь бүгд урт хугацааны тээвэрлэлтийг амжилттай туулж, Хомын талын Сээрийн нуруунд ийнхүү ирсэн билээ.

2011

2011 онд 4 тахийг БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгээс Хомын талд тээвэрлэн авч ирсэн. Эдгээр 4 тахийг Ховд хотын онгоцны буудлаас Хомын тал хүртэл шороон замаар тээвэрлэсэн нь өмнөх тээвэрлэлтүүдээс ялгаатай болсон юм.

2020

Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажлын үр дүнд тахийн тоо толгой 8-9 үржлийн сүрэгт хуваагдах 100 гаруй бодгаль хүртлээ өсжээ. Энэ нь уг төслийг санаачилан эхлүүлсэн, санхүүжүүлсэн, хэрэгжүүлсэн олон талуудын хамтын ажиллагааны үр дүн байлаа. УИХ-ын 2020 оны 5-р сарын 7-ны өдрийн 46-р тогтоолоор Хомын тал орчим (Сээрийн нуруу, Хомын тал, Завхан гол, Улаан бураа, Их болон Бага Буурал, түүний салбар уулс)-ын 411,403.80 га талбай бүхий газар нутгийг Байгалийн Цогцолборт Газар ангиллаар улсын тусгай хамгаалалтанд орууллаа. Мөн БОАЖ-ийн Сайдын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний А-303 тоот тушаалаар "Тахь хамгаалах Үндэсний дэд хөтөлбөр" (2020-2035) батлагдлаа.