Дэлхий дээр ховордлын зэрэглэлээрээ “устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн тахийг сэргээн нутагшуулах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг 20-иод жил явуулж буй “Хомын талын тахь” ТББ орон нутгийнхаа иргэдийн амьжиргааг дэмжих хөгжлийн ажлыг давхар хийж ирсэн. Мөн 2022 онд олон улсын аялагчид, зочид гийчдийг хүлээн авах “ТАХЬ” эко жуулчны баазыг байгуулснаар ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
Уг ажлынхаа хүрээнд Хомын тал БЦГ, Монгол элс БЦГ орчмын малчдын таван нөхөрлөлийн 40 орчим хүнд “Сүү цагаан идээ боловсруулах, борлуулах” таван удаагийн сургалтыг ГОУХАН-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь (SPACES)” төслийн дэмжлэгтэйгээр өнгөрөгч есдүгээр сард зохион байгууллаа.
Сургалтаар сайн чанартай сүүн бүтээгдэхүүн хэрхэн боловсруулах, түүнийгээ борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх талаар мэдлэг мэдээлэл өгөх, үйлдвэрлэгч бүлгүүдэд хуваагдан төсөл хэрэгждэг бүс нутагт эрэлт ихтэй, төдийлөн үйлдвэрлэгддэггүй бүтээгдэхүүнийг сонгон үйлдвэрлэх аргыг онол, дадлага хослуулан заасан.
Малчид шар сүүгээ ихэвчлэн асгах буюу малдаа өгөх, зарим малчид сур, арьс идээлэх зорилгоор ашиглаж ирсэн. Тэгвэл энэ удаагийн сургалтаар малчин өрхүүд хүнсэндээ төдийлөн хэрэглээд байдаггүй боловч хүний биеийн эрдэс элементийг нөхөх үнэт чанар бүхий шар сүүгээр төрөл бүрийн цагаан идээ боловсруулах арга технологид суралцаж байгаагаараа онцлогтой.
Практик сургалтаар өтгөрүүлсэн сүү (молоко), сүүн болон шар сүүний цэлцгэнүүр, бяслагийн шар сүүний ундаа, ээдэм, лууван, хөмүүлтэй банш, хуушуур, шар сүүний зутан шөл хийх, хөмүүлтэй аарц бэлтгэж хатаах (хоол амтлагч), аарцаар төрөл бүрийн ааруул, бялуу хийх гэх мэт нийтдээ 9 төрлийн бүтээгдэхүүнийг сургагч багш дагуулан хийлгэж, бүтээгдэхүүнүүдээр нь үзэсгэлэн гаргасан юм.
Уг сургалтыг Ховд “Хөгжил” политехник коллежийн хүнс үйлдвэрлэлийн технологич багш Д.Лхамсүрэн удирдан явуулсан бөгөөд сүү болон шар сүүний найрлага, шинж чанар, боловсруулах төхөөрөмж, багаж хэрэгсэл болон сүү, цагаан идээний сав баглаа боодол, хэрхэн эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ХХААХҮЯ-аас баримталж буй холбогдох бодлого журам зэрэг онолын мэдээлэл хүргэлээ.
© 2019 KTT - Хомын Талын Тахь ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн Дата-Артс ХХК