Тахь жуулчны баазын нээлт

  • 2022-09-25

Хомын талын БЦГ-т “Тахь” эко жуулчны бааз шинээр үүд хаалгаа нээлээ. Улсын нийлэлээс 1400 километрийн алсад орших байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой энэхүү цогцолбор газарт дотоодын болон гадаадын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлснээр тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлын тухай мэдлэг мэдээллийг хүмүүст хүргэх, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог шинж байдал, ач холбогдлыг танилцуулах боломжтой болох билээ.

“Тахь” жуулчны баазын нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд уг үйл ажиллагаанд Францын Тахь Хамгаалах Холбооны удирдлага, ажилтнууд болон жуулчид, Германы Натукейт жуулчны компанийн төлөөлөл, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд болох Германы хамтын ажиллагааны сан,“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, “Монгол элс” БЦГ, “Хар ус нуур” БЦГ, “Хан Хөхий” БЦГ, “Отгон бор хавцал” ТББ болон “Онц” багийн нөхөрлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж бидний үйл ажиллагааг амжилт хүсч баяр хүргэлээ.

Энэхүү сайхан бүтээн байгуулалтанд сэтгэл зүрхээ зориулан гар бие оролцож байгаа “Хомын талын тахь” ТББ-ын удирдлага болон нийт ажилсаг, эрч хүчтэй хамт олондоо  халуун баяр хүргэж, санасан хүсэл зорилгодоо саадгүй хүрэхийн ерөөл өргөе. Мөн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тахийн сүрэг минь тал дүүрч, түмний сэтгэл дүүрэн амгалан байх болтугай.